Thursday, January 22, 2009

Байгаль орчин Байгаль орчныг хамгаалах

Монголчууд эрт дээр үеэс эхлэн Хөрст алтан дэлхий 
  Хөх мөрөн тэнгэр минь
  Анагаах ачтай рашаан 
  Асралт хайрхан уул минь гэж залбирдаг. 
Хэрэв ой мод хээр талд гал түймэр гарвал ойр, орчмын хүн зартай, заргүй заавал ирж унтраалцана. Гал түймэр гарсныг мэдсэн хэрнээ очиж унтраалцахгүй бол энгийн хүнийг нижгээд морь, эрхтэн дархтныг нэжгээд үхрээр торгоно. Түймэр унтраах зар тасалбал нэжгээд хониор торгоно.

 Хээр тал түлэх бол элсэрхэг сайр юм уу цулгай газар, эсвэл хавтгай чулуун дээр түлнэ. 

Монгол хүн гол усны сав газрын модыг ер хөдөлгөхгүй. Лусын хорлол болж, гол ус ширгэнэ гэдэгсэн. Зулзаган мод, бөөн төгөл буюу зуун модноос нэгийг ч авахгүй, өнчин мод, унаган мод, бухын сүүл мод мэтийн онцгой сонин модыг их хайрлана. 

Нялх ногоо, цэцэг навч зулгаавал алдас болно гэдэг. Жимс эмийн ургамал, самар зэргийг үндэс, иш мөчиртэй нь түүсэн хүнийг хотол олноороо зэмлэнэ. Жимс ургамлыг боловсорч гүйцсэн хойно нь түүнэ. Түүнээс өмнө ер түүхгүй. 

Ус бохиртуулж булингартуулахыг урьдын хүмүүс их цээрлэнэ. Рашаан булаг шандын усанд сүү, цагаан идээ асгахыг ихэд жигшинэ. Өвөг дээдэс маань булаг шандын усыг ариун ус хэмээн нэрлэдэг уламжлалтай. 

Урсгал усанд юм хамаагүй угаадаггүй. Аргагүй юм угаах хэрэг гарвал түмпэн саванд ус хийж эргээс нь хол очиж угаана. Хавар урсгал усыг түүхий ус гэлцэх учир биеэ угаадаггүй. Зун шар цэцэг гүйцсэний дараа намар усанд ордог. Намрын усыг болсон ус гэдэг. 

Худаг, булаг шандаас ус асгаж цутгахгүй, цэмцгэр авна. Худгаас малаа зайдуухан зогсоож онгоцоор юмуу, сав суулгаар услана.Малын хотны ойр , ус булаг, рашааны ойр гадаалах нь зохимжгүй гэдэг. 

Нүүж суухдаа гэрийнхээ буйрыг тэр чигт нь орхихгүй, торойх ч хоггүй болтол цэмцийтэл цэвэрлэнэ. Аянчин, нүүдэлчид гал түймэр гаргачих вий гэж цогтой үнс, нурмыг шороогоор булж, чулуугаар зарна. Хожмын өдөр гал түймэр өөрийнх нь галын голомтноос гарсан эсэхийн нотолгоо болсон үнс, нурмандаа базаж мушгисан өвс хийж булдагч заншил байдаг. 

Хэрэггүй бол газрын хөрс эвдэхгүй хад чулуу нураахгүй. Гэрээ барьж шалаа тавихдаа ч ичэс амьтан үймүүлж, хөрс ургамал сүйтгэж яах вэ гээд шалны энгээр газар ухаж хөрс сүйтгэхгүй, шалаа дай дээр хөндий байрлуулна. 

No comments:

Post a Comment